Нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ
НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ: Байгууллагад үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэл ирсэн цагаас эхлэн үйлчилгээг хаах хүртэлх тухайн үйлчлүүлэгчид бэлгийн хүчирхийллийн улмаас үүдэлтэй бүхий л асуудалд холбон зуучлах, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- эрүүл мэнд
- боловсрол
- хууль эрх зүй
Шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг.
СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ: Үйлчлүүлэгчийн сэтгэцийн гэмтлээс улбаатай танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлд илэрч болох эрсдэлийг бууруулах, сэргийлэх, одоо гарч буй үр дагаврыг бууруулах, тайвшруулах, цаашид тулгарах аливаа сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг даван туулах чадамж, аргачлалд суралцуулах зорилго бүхий төлөвлөгөөний дагуу ажилладаг. Үйлчлүүлэгчийн нас, сэтгэхүйн онцлогоос хамаарч сэтгэл зүйн зөвлөгөө заслын аргачлалыг сонгох ба мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг. Сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл заслын аргачлалаас,
- Тоглоомон заслын аргачлал
- Зургийн аргаар дамжуулан тайвшруулах, ярилцлага өрнүүлэх
- Хүүрнэх сэтгэл засал
- Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын аргачлалуудад суурилан үйлчилгээ үзүүлдэг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Бэлгийн хүчирхийллийн улмаас эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгцээ бий болсон, бэлгийн замын халдварт өвчин туссан тохиолдолд мэргэжлийн эмнэлгийн байгууллага болон эмчид холбон зуучилж эмчилгээ, үйлчилгээнд хамруулдаг.
БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ: Үйлчлүүлэгч бэлгийн хүчирхийллийн асуудлаас үүдэн сургуулийн өмнөх боловсрол болон, ерөнхий боловсролын сургуулиас завсардсан, хичээлээс хоцрогдсон, албан боловсролд хамрагдаагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллагад холбон зуучилж хамтран ажилладаг.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Хэрэв хохирогч өмгөөлөгч хөлслөх төлбөрийн чадваргүй тохиолдолд үйлчлүүлэгчийн нэр төр, эрхэм чанар, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалахаар мэргэжлийн, мэргэшсэн, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч нартай гэрээ байгуулан эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл (хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, прокурор болон шүүхийн шатанд) ажилладаг.
АМЬДРАХ УХААНД СУУРИЛСАН АНХАН ШАТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТУУД: Нийгэм–сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдийг насны ангиллаар нь бүлэг болгон хувааж тэдэнд ирээдүйд тохиолдож болох аливаа сэтгэлзүйн хэрэгцээ шаардлага, асуудал бэрхшээлүүдийг хэрхэн эерэгээр даван туулах, дасан зохицох чадвар, дадлыг олгох зорилготой оролцооны аргад суурилсан цуврал сургалтыг 7 хоног бүр 1 удаа зохион байгуулдаг. Уг сургалтаар сэтгэлзүйн анхан шатны боловсрол олж авахаас гадна үйлчлүүлэгчдийн хооронд харилцааны холбоос үүсэж өөрт тулгамдаж буй асуудлыг бусадтай харьцуулан түүнээсээ даван туулах аргачлалыг харилцан суралцдаг.