Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

COVID-19: сэтгэл зүйн байдал

9 сарын 10, 2021

COVID19-ийн үеэр сэтгэл зүйн хувьд хэрхэн эрүүлээр даван туулах тухай дэлгэрэнгүйг Зүрхээ Сонс подкастаас сонсоорой. SoundcloudM+, IOS, google podcast болон youtube дээр сонсох боломжтой.

COVID-19 дэлхий даяар хүн төрөлхтөнг зогсонги байдалд оруулж ДЭМБ-ын тоон мэдээллээс нас барагсдын тоо, шинээр өвчилсөн хүний тоо байнга ихсэж байгааг харж байгаа билээ. Энэ цар тахалд аль ч засгийн газар бэлэн байгаагүй. Дэлхийн улс орнуудын нийгэм-эдийн засагт хор уршигтай байгааг бид өдөр тутамдаа мэдээллийн хэрэгслээр сонсож байна. Хатуу хөл хорио тавьсан улс орнууд ч байсан, зарим нь хөл хорио тавиагүйн улмаас гүнзгий хор уршиг амссан нь ч байна. Манай улсын хувьд бусдын адил л даван туулж байна. Бид ганцаархнаа цар тахлыг тойрч гараагүй, дайраад л өнгөрч байна. Бид яаж даван туулж байна вэ?

Бидний сэтгэл зүйн байдал хатуу хөл хорио тавьснаас хойш ямар байна вэ? Даван туулах үйл явцад олон хүчин зүйлс нөлөөлнө. Шийдвэр гаргагчдын шийдвэр, тухайн шийдвэрийг хэрхэн бидэнд хүргэж байгаа нь нөлөөлж байна. Тухайлбал гаргаж буй шийдвэр нийтэд хүртээмжтэй, амьдралд нийцэж хүний суурь эрхийг хангаж байна уу? Энэ нь нийгмийн олон янзат байдлыг тусгасан байна уу? Гаргасан шийдвэрүүд тодорхой ойлгомжтой байна уу? Шийдвэр гаргагчид болон хууль сахиулах байгууллагынхан нэгдсэн мэдээлэлтэй байна уу? Шийдвэр гаргагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар үг хэллэг хэрэглэж мэдээллээ олон нийтэд хүргэж байна вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг хэрхэн олон нийтэд түгээж байна вэ? Өрхийн болон хувь хүний санхүүгийн тодорхойгүй байдал гэх зэрэг олон хүчин зүйлс олон нийтийн сэтгэл зүйн даван туулах байдалд нөлөөлж байна.

Тодорхойгүй байдлаас айдас, түгшүүр, сэтгэцийн гэмтлийн дараах стресст эмгэг (ptsd), сэтгэл гутрал, сэтгэл зүйн хувьд хөндийрөх, уур бухимдал, ядрах туйлдах гэх мэт сэтгэл зүйн үр дагаврууд гарч байгаа нь олон судалгаанд тусгагдсан байна.

Хүнд цаг хугацааны үед бид өмнө нь төсөөлж ч байгаагүй зүйлийг даван туулах хэрэгтэй болж байна. Жишээлбэл (өндөр настай) ээж аав болон гэр бүлийн гишүүд нь уулзаж амжилгүй хорвоог орхих, үүний улмаас ажил явдал, буяны ажилд оролцож чадахгүй байх нь маш хүнд уй гашууг бий болгож байна. (Миний танил 2 хүний гэр бүлийн гишүүд нь хорвоог орхиход биеэрээ оршуулгад оролцож чадалгүй онлайн оролцсон.)

Мөн гэрээс ажиллах нь бидэнд сайхан санагддаг байсан байх, гэтэл одоо хэт их ачаалалтай, ажил гэрийн хил хязгаар алдагдаж замбараагүй байдал үүсгэж сэтгэл зүйн хувьд хямрал болж байна. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдэд улам хүндээр тусаж байгааг олон эмэгтэйчүүд баталж байна. Гэр ахуйн ажил, хүүхдийн суралцхуй гэх зэрэг эцэс төгсгөлгүй үргэлжилж үүний хажуугаар нь эсвэл шөнө оройн цагаар сууж өөрийн ажлаа хийх нь хэвийн болж байна. Би өнгөрсөн хаврын хөл хорионы үеэр Монгол эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд хэрхэн даван туулсан тухай чанарын судалгаа хийж үзэхэд бүх оролцогчдийн орлогод сөргөөр нөлөөлсөн, ажлын ачаалал эрс ихэссэн, бүтэн шөнөжин сууж ажиллах ч шаардлага гарсан. Улмаар эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн нь ажиглагдсан.

Өвчин авсан хүмүүсийн нэр, зурагтай нь олон нийтэд түгээснээр тухайн хүмүүсийг нийгмийн сүлжээнд бүлэглэн ялгаварлаж доромжилж байгаа нь тухайн өвчин туссан хүн болон бусдад сөргөөр нөлөөлах магадлал өндөр.

Гэхдээ мэдээж хувь хүний амьдралын орчин нөхцөл, даван туулах чадвар, чадамж, амьдралын туршлага гэх мэт зүйлсээс нөлөөлөх ч дээр дурьдсан зүйлсээс хамаарч сэтгэл зүйн байдалд сөрөг үр дагавар гарах магадлалтай. Хүн бүр өөрийнхөө амьдралын онцлогт тохирсон байдлаар даван туулахаас гадна бусдаас өөрт тохирсон эрүүл амьдралын хэв маягт суралцаж болох юм. Гэхдээ энэ нь өөрийгөө бусадтай харьцуулах гэсэн үг биш юм. Тиймээс хүн бүрийн амьдарч буй орчин нөхцөл өөр учир ном унш, шинэ юм сурах шаардлагатай гэж шаардах нь утгагүй юм.

Эцэст нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд бид юу хийж чадах вэ:

  1. Шийдвэрүүд тодорхой байх — үүнд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд хүнсээ цуглуулж болох, жишээ нь зарим улс орнууд өглөө 6–9 цагийн хооронд зөвхөн ахмад настнууд хүнсээ цуглуулна, 60аас доош насныхан 9 цагаас хойш хүнсээ цуглуулна гэх мэт. Үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарь тодорхой байх. Гэрээс хэдэн метрт агаарлаж болох — 100–200метр гэх мэт. Бусад улс орны сайн туршлагуудаас харах.
  2. Амьжиргааны төвшин доогуур нөхцөлд амьдарч буй иргэд, өрхүүдэд нэн хэрэгцээтэй хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, байр орон сууцаар хангах гэх мэт хүний үндсэн эрхийг хангасан байх эсвэл хэрхэх талаарх бодлого шийдвэрүүд тодорхой байх хэрэгтэй. Жишээ нь (орон байр болон жижиг дунд бизнесийн) зээлтэй иргэд энэ цар тахлын үед хэрхэн зээлээ төлөх вэ, яаж үүнийг зохицуулах вэ гэх мэт.
  3. Сэтгэцийн эрүүл мэндийн 24 цагийн утас ажиллуулах
  4. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл агуулгадаа анхаарах — олон нийтийн түгшүүрийг улам дэвэргэх бус бодит, зохимжтой үг хэллэг хэрэглэх.

Хувь хүний төвшинд:

COVID19-ийн үеэр сэтгэл зүйн хувьд хэрхэн эрүүлээр даван туулах тухай дэлгэрэнгүйг Зүрхээ Сонс подкастаас сонсоорой. SoundcloudM+, IOS, google podcast болон youtube дээр сонсох боломжтой.