Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Охидын бэлгийн халдашгүй байдал

9 сарын 10, 2021

Охидын үзлэг. Юун өнгөрсөн баларсан юм яриад байна вэ? Тийм юм одоо хүртэл байдаг юм уу?

Хүний биеийн хамгийн нандин халдашгүй хэсгийг нийтээр нь албадан үзлэгт оруулж шалгадаг гэвэл итгэх үү? Яах гэж шалгадаг вэ? Бэлгийн харьцаанд орсон эсэхийг тодруулна, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлнэ, эрт жирэмслэлтийг илрүүлнэ, хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлнэ гэнэ. Өсвөр насан дээрээ хүүхэд хамгийн эмзэг үе дээрээ байхад ингэж биед нь халдана гэдэг байж боломгүй санагдах ч байдаг, болдог, болсоор ч байгаа.

  • “Охидын дуу хоолой” социологийн судалгаагаар Улаанбаатар хотод охидыг хоморголон үзлэгт оруулдаг тохиолдлууд илрээгүй ч гэсэн хөдөө орон нутагт охидын үзлэгийг зохион байгуулсан талаар доорх мэдээллүүд бий.
  •  “Ө аймагт дөнгөж төрсөн нярайг хаясан тохиолдол гарсантай холбогдуулан тус аймгийн Цагдаагийн хэлтсээс хүүхдийн төрсөн эхийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг яаравчлуулах зорилгоор охидын гэнэтийн үзлэгийг зохион байгуулсан. Хэдийгээр охидын бэлгэ эрхтнийг үзлэгт оруулаагүй ч биеийн хувийн хэсэг болох “хөх”- ний хэсгийг охидын зөвшөөрөлгүйгээр тэмтрэх үзлэгийг зохион байгуулсан.”
  • “Д аймгийн ...... сумын сургуульд охид, хөвгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахад тус сургуулийн мэргэжилтэн хүүхдээс “зөвшөөрөл”-ийн хуудсыг өгч, зөвшөөрөл авч хийдэггүй тухай мэдээлэв.”
  • “... аймгийн цагдаагийн байгууллагаас орон нутгийн өсвөр насны хүүхдүүдийн үзлэгийг зохион байгуулж бэлгийн харилцаанд орсон болон ороогүй тоо мэдээллийг өгөхийг хүсдэг, нэгэн аймагт хохирогч хүүхдийн нэрийг бичээд хүчирхийлэлд өртсөн байна, тэгэхээр танай нутаг дэвсгэр дээр байгаа бүх охидыг “охидын үзлэг”-т хамруулах, судалгаа гаргах шаардлага бүхий албан бичиг ирүүлж байсан.”
  • “2021 оны 3-р сарын 11-ний өдөр С аймгийн нэгэн суманд өсвөр насны охидыг зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэгт оруулж, жирэмсэн эсэхийг тодорхойлох тестийг шээсэнд нь дүрэх аргаар охидын хүнтэй унтсан эсэх, жирэмсэн эсэхийг тодруулах үзлэг хийх гэж буйг тус сургуулийн сурагчид мэдээлсэн. Тус сурагчид сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтнуудад хандан үзлэгт орохгүй байх хүсэлтээ илэрхийлсэн ч сургуулийн зүгээс хүчээр оруулахаар охидыг шаардаж буйг баримтаар гаргасан.”

Охидын үзлэг нь охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн ноцтой зөрчил, ялгаварлан гадуурхалт бөгөөд шинжлэх ухаанч бус, бэлгийн харилцаанд орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй, эмнэлгийн ач холбогдолгүй, урт хугацааны эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сөрөг үр дагавартай хэмээн дэлхий нийтээр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага зэрэг газруудаас эрс буруушаадаг, хүний эрхийн талбарт ухралт хийж буй арга зүй хэмээн үзэж, таслан зогсоох чиглэлээр зөвлөмжүүдийг гаргасан байдаг.

Эрүүл Мэндийн Сайдаас 2017, 2020 онд гарсан тушаалуудад тусгагдсан журмуудад хүүхэд өөрөө хүссэн үед, эцэг эхийн зөвшөөрлөөр эмнэлгийн тусламжийг эмнэлгийн зориулалтын орчинд авч болно гэсэн утгатай зохицуулалтууд бий. Харин албадаж хүүхдийг хүсээгүй үед эрүүл мэндийн үзлэгт оруулах тухай байхгүй.

Гэвч бодит байдал дээр 2020 онд хийгдсэн “Охидын дуу хоолой” судалгаанд хамрагдсан охидын

  • 72.2% нь үзлэгт оруулахдаа огт зөвшөөрөл аваагүй гэж хариулсан бол
  • 46.4% гэнэт үзлэгт оруулсан буюу үзлэгт оруулах талаар урьдчилж ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэж хариулсан.

Урьдчилан сэргийлэх талаар олон заавар зөвлөмжүүд байдаг боловч үзлэгийг эрсдэлт бүлэг буюу шаардлагатай хүүхдүүдэд хүргэх талд тодорхой бодлого, зохицуулалт байхгүй. Бүх охидыг нийтээр үзлэгт хамруулж байгаа нь үзлэгт орохыг хүсэхгүй байгаа хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа талаар “Охидын эрхийн зөрчил судалгаанд” дурджээ.

Өсвөр насны хүүхдүүдэд чанартай, бэлгийн цогц боловсролыг хүртээмжтэйгээр олгох нь хамгийн үр дүнтэй арга гэж НҮБ-ын БШУСБ-ын газраас боловсруулсан “Бэлгийн боловсрол олон улсын арга зүйн удирдамж” нотолгоонд суурилсан аргачлалд дурджээ.

ЭМЯ 2015 оноос хойш сургуулийн орчинд “охидын үзлэг”-ийг зохион байгуулаагүй, өсвөр үеийн кабинетаар дамжуулан өсвөр үеийнхэнд ээлтэй байдлаар зохион байгуулж байгаа гэх мэдээллийг өгдөг, байр сууриа хамгаалдаг. Гэвч анхан шатанд ажилладаг мэргэжилтнүүд цагдаа, прокурор, эмнэлгийн шаардлагаар зохион байгуулахаас өөр аргагүй байдаг гэдгээ мөн тайлбарладаг.

 

 

Зөвшөөрөлгүй, хүчээр “охидын үзлэг”-т оруулснаар өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн сөрөг үр дагавар үүснэ гэдгийг судлаачид онцгойлон дурдаж, таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн байдаг.

Хүүхдийн хувийн нууц сургууль, дотуур байранд задарч алдагдсан тохиолдолд сурч боловсрох, амьдрах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэг суурь эрхүүд зөрчигдөх аюултай. Сургууль завсардах, сургууль шилжих, ялгаварлан гадуурхалтад өртөх, үл хайхрах, жигших, үл тоох, цаашлаад амиа хорлох хүртэл ноцтой үр дагавартай, нэмээд сэтгэл зүйн хор хохирлыг үлдээдэг.

“Охидын дуу хоолой” судалгаанд хамрагдсан охидоос, хэрвээ чи үзлэгт орохоос татгалзвал яах вэ? гэсэн асуултад

  • 48% нь миний татгалзах татгалзахгүй хамаагүй үзлэгт хүчээр оруулна
  • 27% нь үзлэгт оруулахгүй ч үзлэгт ороогүйг бусад хүүхдүүд мэдээд намайг муугаар хэлнэ
  • 13% нь үзлэгт оруулахгүй
  • 12% нь үзлэгт оруулахгүй ч багш буруугаар ойлгож надад таагүй хандана гэсэн хариултыг өгсөн байна.

 

Хөөрхөн Зүрх ТББ-аас хийсэн “Охидын эрхийн зөрчил: Охидын үзлэгтэй холбогдох асуудал” судалгааг уншин танилцахад, хөдөө орон нутагт охидын үзлэг болсоор байгаа нь ойлгомжтой байна. Төрийн байгууллагууд ямар ч уялдаа холбоогүй ажиллаж, болохгүй гэсэн тушаал захирамж холбогдох яамдаас гардаг хэдий ч хэрэгжилт байхгүй, зохион байгуулсан тохиолдолд ямар нэг шийтгэлийн систем байхгүй. Цагдаа, прокурор, эмнэлгийн байгууллагын шаардлага, эсхүл статистик мэдээ хөтлөх зорилгоор зохион байгуулах явдлыг таслах, зогсоох шаардлагатай байна.

Эцэг эхчүүдийн хувьд, үнэгүй үзлэг хийлгүүлээд авъя гэх нэрийдлээр хүүхдүүдэд нийтээр үзлэг хийхийг зөвшөөрдөг байж болзошгүй байгаа нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд эцэг эх өөрөө анхааралгүй хандаж байна.

Холбогдох бодлого тодорхойлогч байгууллага болох ЭМЯ энэ асуудлыг нэг мөр шийдэж, зөвхөн захирамж тушаал гаргаад орхих биш, судалгаа хийсэн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөөг аван бүх шатандаа уялдаа холбоотой ажилладаг, хариуцлагын системтэй хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж энэ аймшигт үйл ажиллагааг орон даяар таслан зогсоох нэн шаардлагатай болжээ.

 

Эх Сурвалж:

ОХИДЫН ЭРХИЙН ЗӨРЧИЛ: “ОХИДЫН ҮЗЛЭГ”-ТЭЙ ХОЛБОГДОХ АСУУДАЛ

БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2021 он